Бидний тухай

"Дойче Шуле" бүрэн дунд сургууль нь Герман, Англи хэлний сургалттай бүрэн дунд сургууль юм. "Дойче Шуле" сургуулийн хамт олон нь сурагч бүрийг өөрийн боловсролд хариуцлагатай ханддаг, ухамсартай, нийгмийн идэвхтэй иргэн болгохын төлөө ажиллаж байна.

Бидний үндсэн зорилго нь сурагч нэг бүрийн сэтгэхүйн онцлог, сурах арга барилд судалгаа шинжилгээ хийж хүүхэд бүрийн онцлог зан чанар ба чадварыг хүндлэн өнөөгийн нийгэмд бие даан амьдрах чадвартай, өөртөө итгэлтэй, бусдадаа тустай, шинийг эрэлхийлэгч, боловсролтой иргэн бэлтгэхэд оршино.

Тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд сурагчдадаа мэдлэг боловсролыг зөвхөн анги доторх онолын хичээл төдийгүй сургуулиас гадуурх төрөл бүрийн сонгон дугуйлан, хамтын ажиллагааг сайжруулах замаар олгох болно. Манай сургуулийг дүүргэснээр сурагчид маань өөрийн чадварт бүрэн итгэлтэй, амьдралд тохиолдох боломж болоод сорилтуудтай нүүр тулгарахад бүрэн бэлтгэгдсэн иргэд болох юм.

2002 онд одоогийн “Дойче Шуле” сургууль нь “Гёте” сургууль нэрээр 11-р хороололд 45 сурагч, 8 багш, 6 ажиллагсадтай үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт 13 удаагийн төгсөлтөөр нийт 200 гаруй сурагчид бүрэн дунд боловсрол эзэмшсэний зэрэгцээ бүгд Герман болон Англи хэлний зохих түвшний дипломын шалгалтуудыг амжилттай өгч дипломуудаа гардан авсан байдаг. Нийт манай сургуулиас 15 сурагч DAAD-ын тэтгэлэг буюу ХБНГУ-ын засгийн газрын тэтгэлгийг авсан билээ. Монгол Улсын хэмжээнд зарлагддаг тус тэтгэлэгт уралдаанд сүүлийн 2 жил дараалан зөвхөн манай сурагчид амжилттай хамрагдаж тэтгэлгийн эзэд болж чадсан юм. Энэ бүх амжилтын ард сурагчдаа ямагт дэмжиж, чиглүүлж, бэлдэж ажилласан одоогийн "Дойче Шуле" сургуулийн багш, хамт олон нарын асар их хөдөлмөр багтаж буй билээ.

2016-2017 оны хичээлийн жил гэхэд нийт 51 багш, 498 сурагчтай болтол өргөжиж ЭЕШ оноогоор сүүлийн 5 жилд Шилдэг 10 сургуулийн нэг болтол өсөн дэвжиж чадсан билээ.

2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Герман хэлний сургалттай “Гёте” сургууль нь хоёр хуваагдаж тус тусдаа бие даасан сургууль болж үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн 11-р хороолол буюу хуучин байршилдаа байрлах сургууль нь “Дойче шуле” /Deutsche schule Ulaanbaatar, German school Ulaanbaatar/ нэртэй герман, англи хэлний сургалттай бүрэн дунд сургууль болсноор сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай үргэлжлүүлэн явж байна.